БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Abstract
Энэхүү судалгааны өгүүлэлд цэцэрлэгийн багшийн мэргэжил яагаад чухал болох, Монгол улсад цэцэрлэгийн багш мэргэжлийг хэн, хэзээ, хэрхэн сонгож эзэмшиж байгаа болон цэцэрлэгийн багш нар мэргэжлийнхээ ур чадварт юуг чухалчилж байгаа талаар тодруулна. Түүнчлэн ирээдүйд цэцэрлэгийн багшид ямар ур чадвар илүү чухал болох, цэцэрлэгийн эрэгтэй багшийн эрэлтийг бага насны хүүхдийн хөгжлийн асуудал талаас шинжлэн өгүүлэх болно. Судалгааны асуудлыг тодруулахдаа 3 хэсэг багц асуумжийг ашиглаж, фокус бүлгийн ярилцлага хийж, судалгааны мэдээлэлд чанарын болон тоон дүн шинжилгээ хийв. Судалгаанаас үзвэл цэцэрлэгийн багш нь хүүхдийг хайрлах, бага насны хүүхэдтэй харилцах эв дүйг бага наснаасаа, гэр бүлийнхээ орчноос ойлгож ухаарсан бол, бага насны хүүхдийг таньж судлах, тэдний хөгжлийг дэмжих багшлахуйн ур ухааныг сургуулийн өмнөх боловсролын багш-мэргэжилтнийг бэлтгэдэг мэргэжлийн сургуулиас сурч, мэдэж байна. Судалгаанд хамрагдсан багш нар ажилласан жилээсээ хамааран 5-85 хувь нь мэргэжлийн сургуульд суралцахаасаа өмнө цэцэрлэгийн багшийн мэргэжилд дурлаж сонгосон бол, 5-15 хувь нь оюутны жилүүдэд мэргэжлээ ойлгож, ухааран сонгосон байна. Мөн судалгаанд хамрагдсан цэцэрлэгийн багш нарын 78 хувь нь миний мэргэжил хамгийн ирээдүйтэй, нийгэмд хэрэгтэй, эрэлттэй мэргэжил гэсэн бол 35 хувь нь өнөөгийн нийгэмд эрэгтэй цэцэрлэгийн багш хэрэгтэй, шаардлагатай төдийгүй тэд хүйсийн тэгш байдлыг хангасан боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж чадна хэмээн үзэж байна.