СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ОРЧНЫ СУДАЛГАА
Abstract
Сургуулийн өмнөх боловсролын эрэлт хэрэгцээ нь цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн асуудлаас гадна чанарын асуудалтай холбоотой. Хүүхдийг хүрээлж буй бүхий л зүйлс нь хүүхдийн сэтгэл санаа, зан төлөв, харилцаа, хандлага, мэдлэг чадварт шууд нөлөөлдөг.
Сургалтын орчин нь хүүхдийн сэтгэл санаа таатай байх, тоглох нөхцлийг бүрдүүлсэн, хүүхдүүдийг шинэ содон зүйл мэдэж авах, туршиж үзэх хүслийг өдөөсөн байна.
Материаллаг орчинд тоглоомын болон сургалтын төвүүд чухал байрыг эзэлнэ. Энд хүүхэд өөрийнхөө дур сонирхлоор бусадтай хамтран тоглох, ярилцах, туршиж үзэх, зурах, урлах, хийж бүтээх зэрэг олон үйлд идэвхтэй, бүтээлчээр оролцох боломжтой байна. Тоглоом, сургалтын төвүүдийг зааглан байгуулж, хүүхдүүд өөрсдийн дур сонирхлоор сонгож тоглох, мэдлэг туршлага хуримтлуулах олон төрлийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангана. Өнөөгийн байдлаар цэцэрлэгт явагдаж буй өдөр тутмын үйл ажиллагаа нэгэн хэв загварт баригдсан, “хичээл төвт” сургалт давамгайлсан, хүүхдэд өөрийнхөө онцлог болон эрэлт хэрэгцээнд нийцсэн дэмжлэг туслалцаа авах, аливаа үйлд сонголттой, идэвхитэй, бүтээлчээр оролцох боломж бага байна. Мөн цэцэрлэгийн анги бүрт хүүхдүүд сонголт хийх боломжтой, тоглож, суралцах, хөдөлмөрлөх, хүүхдийн сонирхолыг татсан сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомын иж бүрэн сэдэвт орон зай болон сургалтын төвийг бүрдүүлж, зохион байгуулах нь чухал болоод байна. Иймээс сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжих гол хүчин зүйл нь тоглоом, сургалтын төвүүдийг судлах хэрэгцээ шаардлага гарч байна.