МОНГОЛ БА ЯПОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН СУРАХ БИЧГИЙН ХАРЬЦУУЛСАН ШИНЖИЛГЭЭ
ФУНКЦ СЭДВИЙН ХҮРЭЭНД
Abstract
2015 оноос суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулж, түүнд нийцүүлэн дунд ангийн сурах бичгийг шинэчлэн хэрэглэж эхэлсэн. Сурах бичгийн чанарын талаар судлаач, хэрэглэгчдээс янз бүрийн дүгнэлт гардаг. Гэвч түүнийг оновчтой хэмжин судалсан судалгаа, бодит үр дүн цөөн байна. Нөгөө талаас сурах бичгийн чанарыг хэмжих шаардлага, шалгуур үзүүлэлт тодорхой бус байна. Сурах бичгийг сайжруулах, түүний агуулга, арга зүй, даалгаврыг оновчтой, судалгааны үндэслэлтэй боловсруулахад өөрийн улсын сурах бичгийг бусад улсын сурах бичигтэй харьцуулах, тэдний туршлагыг судлах судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийх хэрэгцээ байна. Иймд энэ асуудлын хүрээнд математик боловсролын олон улсын судалгааны дүнгээр дээгүүр байр эзэлдэг улсын сурах бичигтэй өөрийн улсынхыг харьцуулан шинжилж, давуу болон сул талыг илрүүлэхийг зорив. Шинжилгээг хэвтээ болон босоо хоёр хэмжээст шинжилгээний арга ашиглан Монгол, Японы дунд ангийн математикийн сурах бичгийн “функц”-тэй холбоотой сэдвийн хүрээнд хийв. Үр дүнд 2 орны сурах бичгийн бүтэц, сэдвийн тоо, сэдвийн дараалал, дүрслэл, нэр томьёо, даалгаврын тоо болон тэдгээрийн танин мэдэхүйн хэрэгцээ, хариултын төрөл зэргийн ялгааг тодруулж, дүгнэлт хийсэн тухай энэхүү өгүүлэлд үзүүлэв.