ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ
(Архангай аймгийн жишээн дээр)
Abstract
Боловсролын шинэчлэлийн бодлоготой холбогдуулан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”-д цэцэрлэг бүр өөр өөрсдийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Цэцэрлэг бүр үзэл баримтлалаа боловсруулан хэрэгжүүлэх нь өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр хөгжих, хүүхдийг хөгжүүлэх төлөвшүүлэх, байгуулага хамт олон, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, цэцэрлэгийн үйл ажиллагаа тогтвортой явах үндэс болдог. Цэцэрлэгүүдийн үзэл баримтлалд дүн шинжилгээ хийхдээ цэцэрлэгийн үзэл баримтлалын бүтэц, тавигдах үндсэн шалгуурын дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 14-н цэцэрлэгийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, ярилцлага зохион байгуулах байдлаар судалгааг хийсэн.
Судалгаанд хамрагдсан цэцэрлэгүүд М.Монтессори, Ф.Фребель, Рижжио, Ж.Пиаже нарын эрдэмтдийн онол болон монгол ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх зүйд тулгуурлан үзэл баримтлалаа боловсруулсан байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд цэцэрлэг бүр хүүхдийн хөгжлийг цогц байдлаар дэмжих, хүүхдийг хөгжих таатай орчин бүрдүүлэх, хамт олон эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зорилго, зорилтоо тодорхойлсон байна. Гэвч цэцэрлэгийн үзэл баримтлалд тулгуурласан орчин бүрдүүлэлт, хамт олон эцэг эхийн оролцоог хангах байдал дутагдалтай байна.