Эцэг, эхчүүдийн багш мэргэжлийн талаарх ойлголтыг судлах нь
Keywords:
багш мэргэжил, мэргэжил сонголт, ажиллах нөхцөл, үнэлэмж, хандлага, цалин урамшуулалAbstract
Энэхүү судалгаа нь багш мэргэжлийн талаарх эцэг, эхчүүдийн ойлголтыг судалснаар ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтыг багш мэргэжил рүү чиглүүлэх боломжтой эсэхийг тодруулан, багш мэргэжлийн цаашдын тогтвортой хөгжлийг хангахад анхаарах зүйлсийг судлан илрүүлэх боломжтой. Тус судалгаанд БГД-ийн ЕБС-ын сурагчдын 421 эцэг, эхийг хамруулсан. Түүнчлэн тоон судалгааны асуулгыг Багш мэргэжлээр тогтвортой ажилладаггүй шалтгаан, Багш мэргэжлийн талаарх үнэлэмж, Багшийн ажиллах орчин, нөхцөл, Хүүхдээ багш болгох талаарх хандлага, Багш мэргэжил сонгохоос татгалзах шалтгаан бүхий хүчин зүйлсээр тодорхойлсон болно. Судалгаанд хамрагдсан оролцогчдын 85.5 хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг, эмэгтэй, дээд боловсролтой хүмүүс бөгөөд 57.0 хувь нь багш мэргэжилтний хүрээлэлгүй хүмүүс байна. Багш мэргэжлээр тогтвортой ажиллахгүй байх шалтгаан нь тэдний ажиллах нөхцөл, цалин урамшуулал зэргээс хамаарч буйг анхаарч үзэх шаардлагатай байна. Түүнчлэн орон нутгийн оролцогчид ажлын орчны чанарт илүү эерэг хандлагатай байгаа нь хөдөө орон нутагт багш нарын ажиллах орчныг илүү сайжруулсан байж болохыг илтгэж байна. Энэ ялгаа нь мөн маржинал ач холбогдолтой (p = 0.096) гарсан бөгөөд эрэгтэй оролцогчид ажлын нөхцөл, урамшуулал зэрэг хүчин зүйлсэд сэтгэл хангалуун бус байгаагаа илүү өндөр үнэлжээ. Мөн гэр бүлд нь багш мэргэжилтэй хүн байгаа оролцогчид багш мэргэжлийг сонгох талаар илүү бодитой ханддаг болохыг харуулж байна. Иймд судалгааны дүгнэлт нь багш мэргэжилтний ажиллах нөхцөлийг сайжруулж, багш мэргэжлийн үнэлэмжийг эерэг болгосноор залуус багш мэргэжлийг сонгох боломжтойг онцолж байна.